Окинава арал гэхээр миний санаанд орох нь цэнхэр далай, өнгөт цэцэгүүд, сэтгэл зөөлөн ард түмэн. Ийм сайхан аралд төрж өссөн хүмүүс яагаад ч юм “төв нутгийнхан” гэгдэж буй бидний золиос болсоор ирсэн юм шиг санагдаж болдоггүй юм.
Дэлхийн хоёрдугаар дайны үед дайны галд хүнд нэрвэгдэн, хожим нь АНУ-д эзлэгдэн, 1972 онд буцаагдсан ч АНУ-гийн цэргийн бааз үлдсэн хэвээрээ л. Энэ байдлаа бага ч атугай хөнгөлүүлэх үүднээс АНУ-Японы засгийн газрын хооронд яриа хэлэлцээ болсоор байгаа ч байдал хараахан дээшлэхгүй байдаг.
Уржигдар Окинава арлаас гаралтай нэгэн яруу найрагчийн тухай намтрыг уншиж “төв нутгийнхан” маань энэ арлын хүмүүсийг дэлхий хоёрдугаар дайн дуустал бас ад үзэж ирсэнийг мэдлээ. Яруу найрагч нь Окинава арлаас Токио хотод ирж ажил хайсан боловч дэлгүүр, пүүс компани болгонд “Рюүкюү(Окинава арлын хуучин нэр) болон Солонгос гаралтай хүнийг ажиллуулахгүй” гэсэн зар наасан байдаг ажээ(Солонгосчуудыг бас ингэж ад үздэг байв.).
Учир ийм байсан тул Яаманоүчи Бакү хэмээх энэ яруу найрагч Токио хотод эхнэрээ олтлоо гэр оронгүй амьдарсан ажээ. Тэрбээр Токио хотод яруу найрагчаар амжилт олохын тулд ихэд зүтгэжээ. Яруу найрагчийн хувьд амжилт олсон авч харин амьдрал нь төдийлөн дээшлээгүй гэнэ. Түүний бүтээл нь бусад яруу найрагчийн бүтээлийн тоог бодвол харицангуй бага байлаа(энэ нь түүний амьдрал дээшлээгүйн шалтгааны нэг болж байлаа).
Учир нь Окинава аралд өссөн хүнд “төв нутгийнхан”-ы хэл нь гадаад хэл шиг эрс тэс ялгаатай байдаг юм. Тиймээс тэрбээр нэг шүлгийг бүтээхэд хэдэн зуун удаа засдаг байсан гэнэ.
Ингэж дайн дуусч Окинава арал Японд буцаагдахаас өмнө, тэрбээр Токиод ирсэнээс хойш хэдэн арван жилийн дараа эх нутагтаа нэг удаа буцах завшаантай болсон гэнэ. Гадаад паспортаа аваад АНУ-д эзлэгдсэн эх нутагтаа буцсан тэрбээр нутгийнханд нутгийнхаа аялгуугаар ярихад арлын хүмүүс “Та Окинава арлын аялгуугар их сайхан ярьдаг юм байна” хэмээсэн ажээ....
Өдий хүртэл түүх гэсэн зүйлийг төдийлөн сонирхдоггүй байсан авч харин энэ хүний намтрыг уншиж түүхийг эргэн үзэж түүхээс суралцах хэрэгтэй юм байна гэж боддог боллоо.
No comments:
Post a Comment