“Сагашимоно” буюу “Олох ёстой зүйл”

Би номонд их дуртай. Даан ч багаасаа номыг их удаан уншдаг. Жижиг үсэгнүүдийг харахаар бас толгой өвддөг. Би гэгч хүн яасан үхэр тэрэг шиг ном уншдаг юм бэ дээ гэж хааяа өөрийнгөө авъясгүйгээ мэдэрч гутардаг. Номонд дуртай ихэнх найз нар маань номыг мөн ч хурдан уншдаг болохоор би тэдэнд их атаархдаг юм. Хэвлэл мэдээлэлийн салбарт ажиллаж байгаа миний танил эртээд “Аугаа их зохиолч Шиба Рётаро гуай бүр хоромхон зуурт ном уншиж дуусгадаг байсан юм шүү дээ. Бүр бидний яриад байх хооронд л нэг номыг уншичихдаг байсан даа.” гэж ярьж байсан. Харамсалтай нь надад тийм авъяс заяагаагүй юм байна.

Гэсэн хэдий ч би номын санд орох их дуртай. Хэдийгээр жижиг олон үсэгтэй, хүнд агуулгатай номуудаас зугтаж, том үсэгтэй, хөнгөхөн номуудыг илүү сонгодог ч номын санд орохоороо ямагт нэг юм олсон ч юм шиг сэтгэгдэл төрч сайхан санагддаг юм. 

Ялангуяа цахим сүлжээ, хиймэл оюун ухаан хөгжсөн энэ үед цахим хуудасыг харж янз бүрийн ном олж болдог болсон хэдий ч цаанаас санал болгодог номууд бол мийний хайлт хийсэн ор мөрийг үндэслээд байдаг тул дандаа нэг чигийн номыг санал болгоод байдаг. Нөгөө талаар нь номын санд бол миний хүсэх хүсээгүй, дуртай дургүй хамаагүй олон төрлийн ном тавиастай байдаг тул шинэ төрлийн номтой танилцах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, номын сан бол миний “хорвоотой танилцах” боломжийг нээдэг газар юм.


Өнөөдөр номын сангаас олсон ном нь Какүта Мицүёо-гийн бичсэн “Сагашимоно” буюу “Олох ёстой зүйл” хэмээх ном. Какүта Мицүёо бол Японы зохиолч, кино найруулагч Наоки-санжүүго нэрэмжит шагнал буюу Наоки шагналыг хүртсэн зохиолч бүсгүй юм. Наоки шагнал бол зохиолч Акүтагава нэрэмжит шагналтай зэрэгцээд жилд хоёр удаа гарамгайлсан зохиолд олгодог шагнал билээ. 

 “Сагашимоно”-д хэд хэдэн өгүүллэгүүд багтсан байдаг. Өгүүллэгүүд бүхэн ямар нэгэн байдлаар номтой холбогдсон байдаг. Эхний өгүүллэг нь хуучин номын дэлгүүрт зарсан номоо аяллалын замдаа хэд хэдэн удаа олж хардаг хүүхний тухай бичсэн байдаг бол номын нэр болсон “Олох ёстой зүйл” өгүүллэгт бол өвчтэй эмээгийнхээ захисан номыг олох гэж хөөцөлдөх охины тухай өгүүлсэн байдаг. Энэ номын дотор ном үргэлж хүнтэй хамт байж, хүн хоорондын гүүр болж байдаг. Номын ид шидээр хүн холбогдож явдаг гэх үү дээ. 

Би энэ зохиолчийн бүтээлийг анх удаагаар уншиж үзлээ. Дараа нь энэ зохиолчийн Наоки шагналыг хүртсэн зохиолыг уншиж үздэг юм билүү дээ. Ингээд номын сан маань надад бас нэг шинэ ертөнцийг нээж, би номын ид шидээр нэгэн зохиолчтой холбогдлоо.


No comments: